1990-ээд оноос хойш Монголд нэлээдгүй олон төрлийн салбар чөлөөт хөгжлөөр явж ирсэн ба үүний нэг нь орчуулгын салбар юм. Орчуулгын салбар нь Монгол оронд өнөөдрийг хүртэл хөгжин ирэх замдаа олон төрлийн хүндрэл бэрхшээл саад тотгорыг туулан ирсэн хийгээд өнөөдөр ч төгс хөгжилдөө хүрээгүй байна. Улс орон бүрийн хувьд аливаа хөгжил нь харилцан адилгүй байдаг боловч орчуулгын үйлчилгээний чанар нь өөр өөрийн хэл дээр хамгийн дээд түвшиндээ хүртэл хөгжиж явдаг. Улс төр, инженерчлэл, соёл урлаг гэх мэт улс орны бүхий л салбарыг хамардаг тул орчуулгын салбар хамгийн өргөн хүрээнд хүрч ажилладаг. Гэвч… математикийн хичээл дээр суусан бүх хүүхэд хичээлээ бүрэн ойлгодоггүй буюу эсхүл геометрийн хичээл дээр суусан бүх хүүхдээс бас л өөр нэгэн хэсэг хүүхэд хичээлээ ойлгоогүй байдагтай адил гадаад хэл дээр ч энэ асуудал ажиглагдах болно. Өөрөөр хэлбэл хүн бүрт өөрийн гэсэн мэргэжлийн чиг хандлага байх бөгөөд гадаад хэлтэй хүн бүр орчуулга хийж чадна гэсэн үг биш. Эсхүл хичнээн гадаад хэлийг төгс эзэмшсэн хүн байлаа ч бүх мэргэжлийг бүгдийг нь орчуулах чадамжгүй байдаг. Та бид өдөр тутамдаа баталгаат орчуулга гэсэн хаяг самбар, заруудыг харах боловч тэдгээрийн алинд нь итгэхээ төдийлэн мэддэггүй билээ. Тиймээс бид энэхүү хэрхэн сайн орчуулгын газар олох талаар зааварчилгааг оруулж өглөө. Юун түрүүнд “баталгаат орчуулга” хэмээгдэх энэхүү нэрнээс эхлэх нь зүйтэй болов уу. “Баталгаат орчуулга” гэдэг нь 100 хувь баталгаатай ямар ч алдаагүй гэсэн утгатай юм. Гэтэл орчуулга гэдэг зүйл хоёр өөр хэлний логик, дадал зуршил зэрэг олон зүйлсээс шалтгаалан огтоос 100 хувь зөв гэсэн ойлголт бараг байдаггүй. Мэдээж хэрэг багахан хэмжээний зүйл дээр 100 хувийн шаардлага тавьж болох ч орчуулгын файл материалын хэмжээ ихсэх тусам энэ хэмжээ улам буурна. Тэхдээ буурахдаа үлэмж хэмжээгээр буурна гэсэн үг биш. Сайн орчуулгын үйлчилгээний байгууллага ямар ч хэмжээний материалыг 95- хувиас дээш хэмжээнд барьж чаддаг юм. Тиймээс хамгийн чанартай орчуулгын үйлчилгээний газрыг та 95-аас 100 хувь хүртэл (хүргэхийг тэмүүлдэг) оновчлолтой байх тухай шаардлага тавьж болох юм. Орчуулгын үйлчилгээг авахдаа аль болох эргээд барьцтай, төлбөрийн чадвартай, найдвартай, мэргэжлийн чиглэлээр орчуулагч нар нь дагнасан газрыг сонгох нь зүйтэй. Тэгэхээр ямар газрын найдвартай чанартай, мэргэжлийн бас барьцтай газар гэж үзэх вэ? Үүнд дараах хэдэн зүйлсийг анхаарна. 1. Тухайн орчуулгын үйлчилгээний газар нь тогтсон хаяг байршилтай эсэх. Мөн энэхүү хаяг дээрээ хичнээн хугацаанд ажиллаж байгааг тогтоох. /Эс бөгөөс орчуулга дээр ямар нэгэн асуудал гарахад тухайн газар нь эргээд олдохгүй байх асуудал үүсч болзошгүй./ 2. Тухайн орчуулгын үйлчилгээний компани нь бодитоор оршдог эсэхийг тогтоох. Зарим тохиолдолд интернетээр, фэйсбүүкээр хайж олсон хуурамч аккаунт эсхүл өөрийн аккаунтаар орсон байлаа ч мөнгийг чинь аваад алга болох эсхүл google.translate ашиглан луйвардаж блок хийх тохиолдлууд багагүй ажиллагддаг. Тиймээс тухайн байгууллагыг бодитоор оршдог эсэхийг тогтоох нь нэн тэргүүнд тавигдах шаардлага юм. 3. Хэт үнэмшилгүй бага үнэ амлах. Зарим тохиолдолд найдваргүй хүмүүс таныг хямд үнэтэй үйлчилгээ хайж байгааг чинь олзлон авч байгаа мөнгийг тань хамж одон алга болох эрсдэл учирч болзошгүй. Тиймээс тухайн газраас гаргасан үнэлгээ нь харьцангуй бодитой байх тал дээр анхаарах хэрэгтэй. 4. Асуудал гарсан үед шийдвэрлэж өгөх боломжтой байх Дээр өгүүлсэнчлэн орчуулга нь 100 хувь алдаагүй төгс байхад нэлээд хэцүү тиймээс ямар ч сайн, том газар алдаа гарч болзошгүй. Харин томоохон найдвартай орчуулгын үйлчилгээний газрууд нь хүн хүчний хүрэлцээ сайтай, зохион байгуулалтын хувьд харьцангуй төлөвшсөн байдаг тул асуудал гарсан даруйд хурдан шийдвэрлэх боломжтой байдаг. Эсрэгээр хэт жижиг газрыг сонгон үйлчлүүлснээрээ асуудлаа шийдвэрлэж чадахгүй жижиг алдаа гарснаас болж тухайн орчуулгаа дахин мөнгө зарж хийлгүүлэх нэлээдгүй томоохон эрсдэл үүсдэг юм. 5. Орчуулгын явцтай танилцах боломжтой байх Хэрэв таны гүйцэтгүүлж байгаа орчуулга нь тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай бол тухайн орчуулгын үйлчилгээний газар нь тухайн ажлын төлөвийг танилцуулах чадамжтай байх шаардлагатай. Эс бөгөөс зарим тохиолдолд таны ажлыг хүлээн авсан боловч хариуцлага муутай газрууд ажлаа цаг хугацаа нь дуусчихаад байхад эхлээчгүй байх ч магадлалтай байдаг. 6. Тест хийлгэх Зарим тохиолдолд та үнэхээр чухам аль газраар үйлчлүүлэхээ сонгож чадахгүй байгаа бол тухайн орчуулгын ажлаа хэд хэдэн итгэл төрөхүйц газруудад тест хүргүүлэн хийлгэж болох ба ингэснээр хамгийн оновчтой байгууллагыг сонгох буюу буруу газарт өгч цаг хугацаагаа алдах эрсдэлээс найдвартайгаар сэргийлэх боломж бүрдэх юм. 7. Албан ёсны вэбсайт, имэйл хаяг, пэйж хуудастай эсэх Албан ёсны вэбсайт, имэйл хаяг, пэйж хуудас хөгжүүлэх нь тухайн байгууллагаас багагүй хэмжээний хөлс хүч, зардал шаарддаг тул ийм байгууллагууд нь өөрсдийн өнгөрсөн хугацаанд гаргасан цаг хугацаа, хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгөө дэмий үрэн таран хийхийг хүсэхгүй учраас харьцангуй өндөр хариуцлагатай ажилладаг. Эсрэгээрээ ямар ч өртөг зардал гардаггүй эсхүл багаахан өртөг гаргадаг байгууллага хувь хүмүүст төдий чинээ алдах зүйл бага учир хариуцлагагүй хандах тал улам илүү ажиглагддаг юм. Ингээд миний өнөөдрийн хүргэх зөвлөгөө энд хүрээд өндөрлөж байна. Та бүхний минь таалалд нийцэх эсэхийг үл мэдмой. Эцэст нь хэлэхэд 7 хэмжиж 1 огтло гэдэг үгээ бодож аль болох үйлчилгээ үзүүлэгч байгууллагаа сайтар судлаж байхыг зөвлөж байна.