Мандал даатгал ХК нь 2020 онд олон улсын үнэлгээний АМ Best агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан Монголын анхны компани болсон билээ. Харин 2021 онд үнэлгээгээ дахин баталгаажуулж, ерөнхий санхүүгийн чадавх “B”, урт хугацааны зээлжих зэрэглэл “BB+”, цаашдын төлөвөө “Тогтвортой” хэмээн үнэлүүллээ.
Зээлийн зэрэглэл гэдэг нь зээлдэгчийн зээлжих чадварыг ерөнхийд нь буюу санхүүгийн үүргийг биелүүлэх чадамжийн илэрхийлэл болдог. Жишээ нь, банкны хувьд санхүүгийн чадавх өндөртэй байна гэдэг нь гаргасан бонд болон хадгаламжаа цаг тухайд нь эргүүлэн төлдөг байхыг хэлдэг. Харин даатгалын компанийн хувьд нөхөн төлбөрөө цаг тухайд нь олгодог гэдэг нь санхүүгийн хувьд өндөр чадавхтайн илэрхийлэл билээ. Олон улсад энэхүү чадварыг хөндлөнгийн байгууллагаас зэрэглэл тогтоох замаар баталгаажуулдгийн жишээ нь Мандал даатгалын АМ Best-ээс үнэлгээ авсан энэхүү үйл явдал юм.
Энэхүү зэрэглэлийг гаргахад компанийг олон талаас нь судалж, санхүүгийн үзүүлэлтүүд болон өмнөх хугацааны гүйцэтгэлийг “Strong” буюу “Эрүүл, тогтвортой” хэмээн тодорхойлсон байна.
Дэлхийд даатгалын салбараар мэргэшсэн үнэлгээ хийдэг олон улсын цорын ганц байгууллагаас үнэлгээгээ дахин баталгаажуулж байгаа нь Мандал даатгалын андеррайтинг, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний үйл ажиллагаа олон улсын стандартын дагуу явдгийн тод илрэл юм.
Мандал даатгал нь зах зээлийнхээ 16 хувийг дангаараа бүрдүүлдэг, салбартаа хөрөнгө, эрсдэл даах чадвараараа тэргүүлэгч хамгийн том даатгалын компани билээ. Мөн Мандал нь 2018 онд IPO хийж, Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа нээлттэй арилжаалсан анхны даатгалын компани болсон бөгөөд тус компанийн хувьцаа нь бирж дээрх хамгийн идэвхтэй арилжаалагддаг хувьцааны тоонд зүй ёсоор ордог байна.
АМ Best нь 1899 онд байгуулагдсан, АНУ-д төвтэй, Нью Йорк, Лондон, Амстердам, Дубай, Хонконг, Сингапур зэрэг 100 гаруй улс орны томоохон хотуудад үйл ажиллагаа явуулдаг, Дэлхийн томоохон даатгалын болон давхар даатгалын компаниудад санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн тэргүүлэгч агентлаг юм. АМ Best-ийн үнэлгээ нь бие даасан, илэрхийллийн чанар өндөртэй гэж тооцогддог бөгөөд даатгалын компанийн нөхөн төлбөр, өр төлбөр болон бусад санхүүгийн үүргээ цаг тухайд нь биелүүлэх чадамжийг илэрхийлдэг.
AM Best-ийн үнэлгээг олон улсын S&P болон Fitch зэрэг агентлагуудтай дүйцүүлбэл, Мандал даатгалын зэрэглэл BB, BBB гэсэн ангилалд багтах юм. Энэ нь Монголын томоохон банкуудын зээлжих зэрэглэлээс өндөр үзүүлэлт юм.
Мандал Даатгалын санхүүгийн зэрэглэлийн талаарх AM Best агентлагийн албан ёсны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.